Хэрэглээний Урлал : Шинийн 3-ны үйл

Шинийн 3-ны үйл

Сар шинийн энэ л өдөр манай гэр бүлд эртнээс уламжлал болж ирсэн нэгэн зан үйл байдаг нь шинийн 3-ны үйл юм. Энэхүү үйл урлах билэгт сайн өдрийг бусад хүмүүс ч гэсэн алдалгүй үйл үртэсээ урлаж байгаасай гэсэндээ бусдад хийсэн зүйлсээрээ дамжуулан түгээж байдагтаа миний бие баяртай байдгаа нуух юун. Энэ далимд өөрийн минь бахархал болсон нэгэн сайхан уран хүний талаар цухас дурьдахыг хүслээ. Эмээгийн ээж миний элэнц эмээ болох Долгор гэж нэгэн уран хүн байжээ. Долгор ах, Уран Долгор гэж ойр тойрныхон нутаг усныхан нь авгайлдаг байв. Тэр хүнээр дээл хувцас, малгай тэргүүтнээ урлуулах гэж ойр тойрон болон алс холыг умартан хаа холоос ирсэн хүмүүсийн морьд гадаа нь багширч, хүмүүс хөлхсөн их хөлийн айл байж. Элэнц эмээ маань эртний ноёд, лам хувраг, хатад эмэгтэйчүүдийн уран нарийн хийцтэй дээл хувцас, малгай зэрэг олон зүйлийг урлаж уран ухаантай, ажилсагаараа гайхагдсан хүн байсан гэнэ билээ. Эмээ маань өөрийн ээжийг дурсахдаа: - Ээж маань гүй ээ мөн их оёж суудаг байж билээ. Хувцас тэргүүтэн хийлгэх гэсэн хүмүүсийн цуваа нэмэгдэнэ үү гэхээс багасдаггүй, хүмүүс хэдэн сараар ч хамаагүй захиж орхиод явдаг байсан юм. Муу ээж минь өглөө сэрэхэд оёод л сууж байдаг орой унтахад нь оёсоор л үлддэгсэн. Гэр гадааны ажлаа амжуулчихаад ээждээ нэмэр болох гэж элбэлцээд өдөр хоногтой уралдан амьдардаг байж дээ. Сүүлдээ насан өндөр болж хараа нь муудаад оёохоо больсон гэж хуучилдаг байв. Тэгээд өөрийгөө их л голонгуй уран хүний үр гэхэд би ч ээжийнхээ хаа ч хүрэхгүй уранхай цоорхой нөхөж, дээл хөдөрлөгөхөөс хэтрэхгүй юм даа гэх. Гэхдээ л эмээ минь нададаа бол мундаг уран хүн байсан юм. Мөн элэнц эмээ маань тэр үеийн эмэгтэйчүүдийг гэртээ цуглуулан үйл үртэс, аж ахуй болон гоо сайхны зөвөлгөө өгч зааж тусалдаг байжээ. Сайхан цэвэрхэн арьс, гоо сайхнаараа гайхагддаг, нандин ховор сайхан зүйлс хэрэглэдэг, сайхан эмэгтэй байв. Тэрээр чамин хийцтэй малгай хэрхэн хийх, халуун зунаар гэртээ яаж гэрээ халаахгүйгээр гал түлж, тогоо нэрж болох, гар доорх зүйлсээ ашиглан нүүр гараа хэрхэн арчилж сайхан харагдах гээд л олон зүйлийг хүмүүст хэлж ярьж зааж зөвөлдөг байлаа. Эмээ маань хүртэл цав цагаан цэвэрхэн арсьтай байсан болохоор "Дугуй цагаан" гэж үеийхэн нь цаашлуулдаг байсныг миний бие мэдэх билээ. Эмээгийн маань үеэл гэж 80 шахсан буурал дурсахдаа Долгор ах маань хэтэрхий цэвэрч хүн байсан юм. Тулганы захад нь ширхэг ч үнс байдаггүй үргэлж гялалзсан айл байдаг байсан гэх. Бас хэрэглэж байсан саван, тосны гоёмсог хайрцагт нь өөрийнхөө нандин зүйлээ хадгалдаг нэг ирэхээр чинь үзүүлнэ ээ гэж хэлсэнийг энэ бичлэгээ бичиж байхдаа саначихлаа. Өнөөдөр очиж золгосон мөртлөө л мартсан байна шүү. Дараа очихдоо марталгүй үзнэ ээ :)

Бас ээж минь хүртэл амьтайгаа оёдолчин шүү хэхэ. Сургуульд байхын бүх хувцасаа оёж өмсдөг, хар багаас минь ойр зуур хувцасыг минь засаж хийж өгөхөөс гадна их нэхдэг байсан юм. Нэг утсыг хэдэн янз болгож хэдэн янзаар хувцаслаж өгдөг байлаа. Ийм л сайхан ухаантай, ажилсаг, уран элэнц эмээ Долгороор түүний охин миний хамгийн хайртай эмээ Дэнсмаа, хайртай ээж нараараа үеийн үедээ бахархаж үлгэр дууриал болгож үйл үртэсийг нь таслалгүй авч явах нь миний аз завшаан, эрхэм үүрэг гэж боддог юм.

Үйл мэтгэж суудаг уран эмгэдийн удам билээ

Үйлс нь ариун байдаг ухаант өвгөдийн үр билээ

Дурсах сайхан түүх байна гээд хайрлан байж хичээе

Дуурайх эрхэм хүмүүс минь гээд омогшин байж амьдарья

Зүү утас нийлүүлэх эрхэм ёсыг нь таслалгүй

Зуун зуундаа дамжуулан үйл мэтгэж явна аа бид

Энэ жил шинийн 3-нд өвөөгийнхөө жижиг хүрдэнд суурь хийлээ. Өвөөдөө би эмээгээсээ дутахгүй хайртай. Эр хүний хамгийн эрхэм нандин гэсэн сайхан чанаруудыг миний өвөө өөртөө шингээсэн сайхан хүн байсан юм. Сайхан хүмүүсийн үр болж заяасандаа, сайн хүний удмыг үргэлжлүүлж яваадаа бид бүхэн хамгийн их бахархаж, үлгэр дууриалаа болгох нь зүйн хэрэг болой :)

Үйл нь уран, удам нь ариун байг ээ!

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

тэнэг, мангар
エンフシ

сар шинэдээ сайхан шинэлэсэн үү.. Нойронд сэргэг.. номонд мэргэн.. үйлэнд уран.. үгэнд цэцэн байх болтугай

Цэцгээ

Энхүүш: Сайхан шинэлсээн, сайхан шинэлэв үү? Ерөөл бат оршиг ээ! Сайхан ерөөлийн хариу өөртөө бас очно оо гэдэг дээ :)

エンフシ

сайхан шинэллээ. ажил үйлсэд чинь амжилт хүсье өшөө ихийг хийж бүтээгээрэй.

Цэцгээ

Энхүүш: За баярлалаа, хичээнэ ээ :) Чамд ч бас их амжилт ололтыг хүсье!

Deegi (зочин)

saihan boljee. ajilsag uran humuusiin udam yum chin chi min iim uran ajilsag bh n argagui yum bna shuu dee. :-) Tsaashdiin ajil uils, urlald n ulam ih amjiltiig husen yorooy. Mundag shuu ;-)

Жагана (зочин)

Сайхан бүтээл урлажээ. Өвөг дээдсийнхээ сайхан чанарууд, ур ухааныг өвлөн хадгалж бас цааш нь бусдадаа харамгүй түгээж яваа мундаг бүсгүй шүү. Үйл нь уран байг

Цэцгээ

Дээги: Маш их баярлалаа:) Чамд ч бас хамгийн сайн сайхан амжилт бүтээлийн хүсэн ерөөе!
Жагана: Сайн уу, энэ чиний анхны сэтгэгдэл үү би нь тэгж бодлоо. Чамдаа маш их баярлалаа:) Үйл нь уран байг :)

Бямбаа (зочин)

sar shiniin mend, blogoo chin ue ue zolchildog shuu.

goy sanaa bna, mgld harihaaraa hiine ee.

jich: manai hun chamaig halit tanidag gej bsn :)

Цэцгээ

Сайн уу, блогоор маань зочилдогт баярлалаа. Тэгээрэй. Аан тийм үү хэхэ :)

oogii (зочин)

Bagsha bi baganuur bn ta utsa awarai yrih ym ih l bn shawi ni nuguu yrij bsan ajlaa ehleh sanaatai zuwulguu awah heregtei bn uu bas oydliin mashin ymar mashin bn ...une...

Цэцгээ

Оогий: Сайн уу, за би чамруу залгая :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)