Хэрэглээний Урлал : Эх хэл минь

Эх хэл минь

Огт хөндлөн нэг бичлэг оруулчихая:) Бидэнд заримдаа хийж байгаа ажил мэргэжилээсээ болоод шинээр орж ирж буй гадаад үгийг эх хэлрүүгээ зөв буулгах хэрэгцээ их гардаг билээ. Энэ ч үүднээс саяхан нээгдсэн Монгол хэлээ аваръя гэсэн нэр бүхий Facebook-д нэгдсэн юм. Надад үнэхээр их таалагдаж байгаа болохоор та бүхнийг бас эх хэлээ аврах их үйлсд нэгдээрэй гэж уриалж байна. Бид харь хэлийг сайн мэддэг байж болно харин эх хэлээ төгс мэддэг байх хэрэгтэй. Хүн насан туршдаа суралцдаг нь үнэн юм бол эх хэлээ ч гэсэн улам сайн мэдэж баяжуулж хайрлан хамгаалж байх нь бидний үүрэг. Зүгээр л хичээхэд л болох юм. Орос хэлтэй нэлээдгүй хутгалдсан монгол хэл маань Англи хэлэнд бараг дагаар орох гээд байгаа энэ цаг мөчид бид сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Магадгүй таны ч гэсэн ажил мэргэжилийн онцлогоос болоод харь үгсийг шууд авч хэрэглэх гээд байвал эсвэл танд оносон сайхан монгол үг байвал энэ Facebook-д нэгдэж өөрийн хувь нэмрээ оруулаарай.

Тухайн Facebook хуудасны гол зорилго болон та яаж нэгдэх зааврыг ийшээ орж үзээрэй.

Мөн Монгол хэлээ аваръя -с иш татсан сануулга үгс:

- Улс орны хөгжлийг даган англи үгс хэт богино хугацаанд олноороо орж ирсэнээс үүдэн бид англи хэлэнд монгол хэлээ бараг дагаар оруулахад хүрэх гээд байгаа. Энэ чигээрээ явбал хэрэглэж байгаа үгсийн тань 90 гаран хувь нь англи болох магадлал бий. Жишээ нь, драмын театрын билетын кассанд оочерлов, одоо ч ингэж ярьдаг байх аа, орос хэл ингэж чадсан байхад англи хэл үүнийг хэд нугалж чадахаар болчихлоо.
-  Англи хэлэнд одоо бараг 3 сая үг байна, монгол хэлний 200 мянган үгтэй толь бидэнд бий билүү. Бидний ярианы үлдсэнийг харь үгс дүүргэхээр бид нар англиар ярих уу, монголоор ярих уу, бод доо
-Монгол хэл бол хятад, англи, орос гэх мэт хэлнүүдийн холимог юм гэж тэр эрдэмтэн мэргэд чинь удахгүй тодорхойлно доо. Монголчууд бусдын хийж, зохиож, бүтээж байгаагүйг бий болгоод ирэхээр аяндаа монгол үгс бас бусад хэлэнд зээлдэгдээд ирэх цаг үе ойрхон байгаа.
- Үг түүхийн явцад хувирдаг, гэхдээ голчлон өөр хэлэнд зээлдэгдээд, нэрлэсэн зүйл нь өөрчлөгдөөд, хүмүүс өөрчилж нэрлэхээр шийдээд гэх мэт шалтгаанаар. Үгийг "хөгжилд" нь даатгаж болно, угаасаа хөгжөөд хөгжөөд нэрлэсэнээ ч оноогүй үгс аль ч хэлэнд олон, харин хэлийг бусад хэлэнд дагаар ороход хүргэж болохгүй.
Энэ аянд идэвхтэй оролцоорой гэж Хэрэглээний урлал blog-c уриалж байна.

МОНГОЛ ХЭЛ

Чихний чимэг болсон аялгуу сайхан МОНГОЛ ХЭЛ

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч

Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би!

Урьдын бэрх цагт улс МОНГОЛ-ын хэт заяаг

Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн

Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн

Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

 Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт

Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч

Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрvvлэх чадалт

Хөгжим мэт яруу баясгалант МОНГОЛ ХЭЛ мину! ...

Билгүүн их номч Б. Ринчен

гэж нэгэнтээ шүлэглэж байсан хүний энэ сайхан шүлгийг олон ч удаа уншиж уралдаан тэмцээнд оролцож байсан хүүхэд насаа дурсахад сайхан байна. Өдгөө харь хэлэнд автаад байгаа эх хэлээ бид өөрийн чадахаараа аврах нь зөв билээ.

...Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл чинь

Чиний мэдэхгүй харь үгсээр дүүрээд ирэхийн цагт

Чигчийхэн чинээ үр чинь чамайг Daddy, Mommy гэж дуудвал

Чи хэнийг ч буруутгаж үл чадах вий

Сонсох бүр яруу баялгыг нь гайхан баясах эх хэл чинь

Солгой муруй харь хэлтэй хутгалдаад ирэхийн цагт

Сонор сэрэмжээ алдан эх хэлээ бузарласаны гайг

Согтуу юм шиг байсан өөрсдөөсөө эрээрэй

Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл чинь

Хөөрхийлэлтэйгээр харийн хэлэнд уусахын цагт

Хэн болсоноо мэдэхгүй дэмий л амаа барих

Хойч үе минь биднийг өршөөхгүй байлгүй дээ... гэж чадан ядан өөрчилж бичлээ. Учир нь энэ шүлгэнд Монгол хэлийг маань хамгийн сайхнаар дүрсэлсэн байдаг. Харин ийм болгоод уншаад үзвэл танд нэгийг бодогдуулах бизээ. 

Эх хэлээ хайрлая, хамгаалая.

 

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Saraa (зочин)

Yostoi yag ynen! Yneheer demjij bn.Mundag shyy :)

Дур татагч

TSOOOOOOOOOOOOOOOOOO :)

Худалч Буратино (зочин)

Big Like

ГЭРЭЛТҮҮЛЭГ

БИ энэ зүйийг л дэмжихийг их хүсдэг...Цэцгээ эгчээ САЙХАН СЭДЭВ байна шүү

Цэцгээ

Та нартаа бүгдээрэнд нь баярлалаа. Санаж явбал бүтнэ Сажилж явбал хүрнэ гэдэг шиг хүн бүр дор бүрдээ хичээхэд л харь хэлээ эх хэлтэйгээ хутгах хандлага хумигдаад ирэх бизээ.

Золу

Бидний маш их бодох ёстой сэдэв...арилжааны шилдэг /банк/ нь хүртэл ХАСВАNK гэж нэрээ 2 орны үгээр хольж бичдэг, бид дэндүү хайнга явж байна, Бид бүгд ор бүрнээ хичээх хэрэгтэй...

Золу

Би ажлынхаа газрын залуусаас "драмын театрын билетын кассанд оочерлов" Энэ өгүүлбэрт монгол үг байна уу гэж асуутал Америкд сурч байгаад ирсэн Эдийн засагч маань бүгд л монгол үг байна ш дээ гэж хэлж байх юм :(

Цэцгээ

Золу: Хэ хэ, бид энэ тал дээр их анзаарггүй хайнга байдаг юм. Гол нь харь үг аль болох хэрэглэхгүй гээд хичээхэд л бага багаар дээрдээд байх болов уу. Жишээ нь би ч гэсэн англи хэл сурах нэрийдлээр хольж хутгах хандлага их байдаг байсан. Одоо аль болох тийм дутагдал гаргахгүй гэж хичээж байгаа:) Санал бодлоо хуваалцаж байгаад нь их баярлаж байна:))

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)